Мîíãîë Óëñûí Ìянганы хөгжлийн 9 äýõ çîðèëãî, øàëãóóð ¿ç¿¿ëýëò
Ï.Äîðæñ¿ðýí: Повер пойнт
Àãóóëãà
Засаглалын тухай ойлголт
Ардчилсан засаглалын хэмжүүр: туршлага, сургамж
Мянганы хөгжлийн зорилтууд ба ардчилсан засаглалын уялдаа холбоо
Ï.Äîðæñ¿ðýí: Повер пойнт

| support_mdg-9_project.ppt |
| File Size: | 1753 kb |
| File Type: | ppt |
Download File
Хууль ба хүний эрх Лхасүрэн 1.1.1. Хууль гэж юу вэ? Хүн нийгэм, хүмүүсийн дунд амьдрахын тулд бусад хүмүүстэй хэрхэн зохицон ажиллаж амьдрах вэ гэдэг асуудал үүсэн гардаг. Энэ нь нийгмийн олон төрлийн харилцааг ямар нэг байдлаар нэгтгэн зохицуулж, бүх хүмүүс нийгмээрээ адилхан дагаж мөрдөж байх тийм журам тогтоох зайлшгүй хэрэгцээ буй болдог. Энэ шаардлагын үүднээс нийгэмд дараахь зохицуулалтууд хууль зүйн хэллэгээр “хэм хэмжээ” тогтон үйлчилж байдаг.
Үүнд : зан заншлын ёс суртахууны шашны эрх зүйн зэрэг.
Эдгээрээс эрх зүйн хэм хэмжээг тодруулан авч үзье: Эрх зүйн хэм хэмжээг хуулиар тогтоон хэрэгжүүлдэг. Эрх зүйн хэм хэмжээ буюу түүнийг тогтоож байгаа хууль нь бусад хэм хэмжээнээс ялгагдах дараахь онцлог шинжтэй байдаг: Хуулийг зөвхөн төрөөс, түүний дотор хуулийг батлан гаргах эрх олгогдсон хууль тогтоох байгууллагаас батлан гаргадаг. Тэгвэл шашны, заншлын зэрэг хэм хэмжээг төрөөс тогтоодоггүй. Хуулийг бүх нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр тогтоох ба түүнийг зөрчвөл тодорхой төрлийн хариуцлага хүлээлгэх замаар биелэлтийг хангуулдаг. Хуулийг бичмэл хэлбэрээр баталдаг. Заншил болон бусад хэм хэмжээ нь бичмэл биш байдлаар хүмүүсийн харилцаанд хэрэгжиж байдаг. Хууль тогтоох байгууллага - Улсын Их Хурлаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоон, биелэлтийг нь төрийн албадлагын хүчээр хангаж байдаг бичмэл актыг хууль гэж үздэг. Хууль нь нийгмийн амьдралд дараахь үүрэг гүйцэтгэдэг : Хүмүүсийн өдөр дутмын харилцаанд амгалан тайван байдлыг тогтоож, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангах, Төр, иргэний харилцаанд тэнцвэрт байдлыг буй болгож, төрөөс иргэдийнхээ эрхийг хамгаалах, баталгаажуулах нөхцлийг бүрдүүлэх, Өмч, эд хөрөнгийн болон бусад харилцааг зохицуулах замаар хүний хөгжих нөхцлийг хангах, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүрээлэн байгаа орчин, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зэрэг болно. Хуулийн төрөл Хуулиуд нь нийгмийн маш олон төрлийн харилцааг зохицуулах шаардлагатай байдаг тул тэдгээр хуулийг тодорхой төрөлд ангилах хэрэгтэй болдог. Тухайлбал хуулийн хүчин чадал, зохицуулж байгаа харилцааны хүрээ зэргээс хамааруулан: Үндсэн хууль Салбар хуулиуд Олон улсын гэрээ гэж ангилдаг.
Үндсэн хууль Үндсэн хууль нь хамгийн дээд хүчин чадалтай хууль бөгөөд манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн гол харилцааг нэгтгэн зохицуулдаг. Бусад хууль нь Үндсэн хуулийн хүрээнд гарч, түүнд нийцсэн байх ёстой. Үндсэн хуульд нийцээгүй, түүнийг зөрчсөн аливаа хууль гаргах, аливаа үйл ажиллагаа явуулсан бол түүнийг хүчингүй болгож, засаж залруулах ёстой.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн заалт зөрчиж гарсан аливаа хуулийг Үндсэн хуулийн цэцээр хянан үзэж хүчингүй болгодог. Энэ нь Үндсэн хуулийн бусад хуулиас ялгагдах гол онцлог, түүний хүчин чадлыг давуутай шинжийг илэрхийлдэг. Үндсэн хуулиар тухайн улсад ямар нийгэм байгуулахыг зорьж байгаа, нийгмийн болон эдийн засгийн харилцаанд баримтлах үндсэн зарчмууд юу болох, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа зэрэг үндсэн гол зохицуулалтыг тусгасан байдаг. 1.1.2.2. Салбар хуулиуд /Иргэний хууль, Эрүүгийн хууль зэрэг хуулиуд/ Салбар хуулиуд нь Үндсэн хуулиар тогтоосон зохицуулалтыг илүү тодорхой болгох, нийгмийн салбаруудын харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор гардаг. Тухайлбал хүмүүсийн хувийн харилцааг зохицуулах чиглэлээр Иргэний хууль, Гэр бүлийн хууль, хөдөлмөрийн харилцааг зохицуулах чиглэлээр Хөдөлмөрийн хууль, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Эрүүгийн хууль, Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль зэргээр салбар хуулиуд гарсан байдаг. Одоо тус улсад 300 орчим хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 1.1.2.3. Олон улсын гэрээ Олон улсын гэрээг хуулиар баталдаг.Энэ баталгаа нь олон улсын гэрээгсоёрхонбатлах буюу нэгдэн орох гэсэн хэлбэртэй байна. Ийнхүү Улсын их хурлаас баталснаар олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хэм хэмжээг тус Улс өөрийн улсад мөрдөхөөр хүлээн зөвшөөрч, дотоодын хуулийн адил хэрэглэнэ гэсэн үг юм. Мэдээжээр Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан ямар нэгэн олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй. Харин дотоодын хуульд олон улсын гэрээнээс өөрөөр заасан байвал олон улсын гэрээний заалтыг дагаж мөрддөг. Тус улс хүний эрхийн салбарт болон эдийн засаг, худалдаа, эрх зүй, оюуны өмч, аюулгүй байдал зэрэг олон чиглэлээр 190 гаруй олон улсын гэрээг хуулиар баталгаажуулсан байдаг. 1.1.3. Хууль тогтоомжийн акт Хууль тогтоомжийн акт нь зохицуулах харилцаа, үйлчлэх хүчин чадал, батлан гаргаж байгаа байгууллага, актын хэлбэрийн хувьд хуулиас ялгаатай байдаг. Тухайлбал хууль тогтоомжийн актыг ямар нэг байгууллага, иргэн сайн дураар гаргахгүй. Зөвхөн хуулиар эрх олгогдсон дараахь этгээд батлан гаргадаг. Үүнд: Улсын Их Хурлаас тогтоол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарлиг Засгийн газраас тогтоол Яамдын сайдын тушаалаар баталсан дүрэм, журам Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас захирамж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол тус тус гаргадаг. Хууль тогтоомжийн акт гаргахыг хуулиар зөвшөөрч эрх олгохоос гадна зөвхөн хуулийн хүрээнд түүний зохицуулалтыг нэмж тодруулах нөхөх зорилготой гаргадаг. Хууль тогтоомжийн акт нь хуульд нийцсэн байх шаардлагатай ба хуулиар зохицуулсан харилцааг давхар зохицуулаагүй, хуулийн хэм хэмжээг зөрчсөн байж болохгүй. Хэрэв ийм акт гаргасан бол иргэд түүнийг биелүүлэхээс татгалзах, хүчингүй болгуулах асуудлыг дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Захиргааны шүүхэд тавих эрхтэй. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь зөвхөн тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд мөрдөгдөх хүчин чадалтай байдаг. Хуулиудыг дараахь газраас үзэж танилцах боломжтой: УИХ-аас эрхлэн хэвлэдэг “Төрийн мэдээлэл” эмхтгэл. Үүнийг иргэд, байгууллага тогтмол захиалан авч болохоос гадна номын сангууд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны Засаг даргын ажлын албанаас үзэж болно. Хууль батлагдсаны дараа Өдөр дутмын сонинуудад хэвлэгддэг. УИХ-ын вэб хуудаснаас. дараахь хаягаар “ www.parliament.mn” Аймгийн төвүүд дэх Парламент сурталчилгааны төв. 1.2.Төрийн тогтолцоо 1.2.1. Төрийн эрх мэдлийн хуваарилалт Төр нь ард түмний өмнөөс улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтийг зохион байгуулж, ард иргэддээ үйлчилдэг. Дээрх зорилгын үүднээс төрд олгогдож байгаа эрх мэдлийг тодорхой байгууллагуудад хуваарилж, тус бүрд нь онцгой бүрэн эрхийг олгодог. Үүнийг төрийн эрх мэдлийг хуваарилах гэдэг. Тус улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг дараахь байдлаар хуваарилан тогтоосон байдаг: Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хуралд Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт Шүүх эрх мэдлийг шүүхийн байгууллагуудад. Эдгээр байгууллагын онцгой бүрэн эрхийг өөр этгээд хэрэгжүүлэхгүй боловч тэдгээр нь харилцан бие биенээсээ хамааралтай байж, харилцан хяналт тавих боломжтой байх ёстой. Жишээлбэл: Гүйцэтгэх эрх мэдлийн зарим хэсгийг хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч нь тодорхой тохиолдолд Улсын их хурлыг тараах шийдвэр буюу санал гаргах, Улсын их хурлын баталсан хуульд хориг тавих зэрэг эрхтэй байхад Улсын Их хурал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, чөлөөлөх, огцруулах, түүний зарлиг хуульд нийцээгүй бол хүчингүй болгох эрхтэй. Түүнчлэн Ерөнхийлөгч Улсын их хуралд ажлаа хариуцдаг байхад Ерөнхийлөгчийн эзгүйд Улсын их хурлын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг. Улсын их хурлаас Засгийн газрыг байгуулах, огцруулах асуудлыг шийдвэрлэж, Засгийн газар ажлаа Улсын их хуралд тайлагнана. Үндсэн хуулийн цэц Улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байхад Үндсэн хуулийн цэцийг Улсын их хурлаас байгуулж, Дээд шүүхийн шүүгчдийг Улсын их хуралд танилцуулсаны үндсэн дээр Ерөнхийлөгч томилдог. Эдгээр харилцан хамаарал нь дээрх байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэрийг хангах нөхцөл нь болдог. Эрх мэдлийн хуваарилалт, тэдгээрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын талаар ард дэлгэрүүлэн үзэх болно.
Хууль тогтоох байгууллага-Улсын Их Хурал Улс орноо хөгжүүлэх, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын баталгааг хангах үүднээс төрийн бодлогыг тодорхойлсон хуулийг батлан гаргах бүрэн эрхийг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлнэ гэдгийг Үндсэн хуулиар заан тунхагласан юм. Улсын Их Хурал дараахь Онцгой бүрэн эрхийг өөртөө хадгалж хэрэгжүүлдэг хууль батлах, өөрчлөх, төрийн гадаад бодлогыг тодорхойлох, олон улсын гэрээг батлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого тодорхойлох, улсын эдийн засаг, нийгмийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, улсын төсөв, түүний гүйцэтгэлийг батлах, хуулийн биелэлтийг хянан шалгах, Улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, ард нийтийн санал асуулга явуулах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Засгийн газрыг болон Сонгуулийн ерөнхий хороо, Статистикийн төв газар зэрэг хуульд заасан байгууллагыг байгуулах, удирдлагыг томилох, тайланг хэлэлцэх, онц болон дайны байдал, дайн бүхий байдал зарлах зэрэг болно. УИХ эдгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дурдсан асуудлуудыг хуулиар болон УИХ-ын тогтоолоор батлах замаар хэрэгжүүлдэг ба энэ үйл ажиллагаа дараахь үе шаттай байна. Үүнд: Хуулийн төсөл боловсруулах, Хууль санаачлах, УИХ-д өргөн мэдүүлэх, Хуулийн төслийг хэлэлцэх, батлах, Хууль хүчин төгөлдөр болох, хэвлэн нийтлэх
Хуулийн төсөл боловсруулах Хуулийн төслийг иргэн, төрийн бус байгууллага, төрийн байгууллага хэн ч боловсруулах боломжтой. Харин түүнийг боловсруулахад тавигдах тодорхой шаардлагуудыг “ Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулиар тогтоосон байдгийг анхаарах нь зүйтэй. Өнөөдөр хуулийн төслийг боловсруулах ажлыг ихэвчлэн Засгийн газар, салбарын яамдууд хийж байна. Зарим төрийн бус байгуулагуудын зүгээс хуулийн төсөл боловсруулсан жишээ цөөнч гэсэн гарч байгааг дэмжүүштэй юм. Тухайлбал Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” –ийн төслийг боловсруулан, УИХ-ын гишүүдэд уламжилснаар 2004 онд уг хуулийг батлан гаргасан байна. Энэ нь хууль тогтоох үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагаас оролцож байгаа нэгэн чухал хэлбэр юм. Хуулийн төслийг боловсруулсан иргэн, байгууллага уг төслөө хууль санаачлагчид уламжлан, хууль санаачлуулах замаар УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой. Хууль санаачлах, өргөнмэдүүлэх Хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар эрх олгогдсон тодорхой этгээд эдэлнэ. Энэ нь дараахь байгууллага, албан тушаалтан байна: Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын гишүүн Засгийн газар. Эдгээр эрх бүхий этгээд нь бусад байгууллага, иргэнээс боловсруулан уламжилсан хуулийн төслийг санаачлах эрхтэй ба өөрөө боловсруулан санаачлах боломжтой. Өнөөгийн практикт ихэнх хуулийг Засгийн газар санаачилж байна. Хууль санаачлагч нь төслөө УИХ-д өргөн мэдүүлэх ба энэ үед хуулиар тогтоосон тодорхой шаардлагыг хангаж, төслийг дагалдуулан төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль батлагдсантай холбогдуулан гарах эдийн засгийн тооцоо, судалгааг хавсаргах ёстой. Хуулийн төслийг хэлэлцэх, батлах Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн төслийг УИХ хүлээн авсанаар түүний хэлэлцүүлгийг дараахь журмаар хийнэ: Хуулийн төслийг хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх, Хэлэлцүүлэхээр шийдсэн тохиолдолд эхний хэлэлцүүлэг хийх, Эцсийн хэлэлцүүлэг явуулж, төслийг батлах, Төслийн эцсийн найруулгыг танилцуулах, Төслийг ёсчлох. Хуулийн төсөл нь тухайн асуудлыг хариуцсан Байнгын хороонд хуваарилагдан, бүх хэлэлцүүлгийг Байнгын хороогоор болон нэгдсэн Чуулганаар явуулна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн Чуулганаар хэлэлцүүлэхэд иргэд, байгууллага санал оруулах, эдгээр хуралдаанд биечлэн оролцох боломж нээлттэй байдаг. Саналыг шуудангаар болон интернетээр хүргэх, аймаг, дүүргүүд дэх Парламентын үйл ажиллагааг сурталчлах төвүүд, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраар дамжуулах, эсхүл УИХ-ын гишүүд, түүний орон нутаг дахь бие төлөөлөгч, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзах замаар гаргаж болно. 1.2.2.4. Хууль хүчин төгөлдөр болох,хэвлэн нийтлэх Хуулийг батлан, УИХ-ын дарга гарын үсэг зурж ёсчилсны дараа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав хоногт багтаан түүнд хориг тавих эрхтэй. Хоригийг тухайн хууль нь Үндсэн хууль зөрчсөн, эсхүл хуулиуд хоорондоо зөрчилтэй гэсэн үндэслэлээр тавьдаг. Хориг тавигдвал хоригийг хуульд бүхэлд нь буюу зарим хэсэгт нь тавьсанаас шалтгаалан хүчин төгөлдөр үйлчлэхгүй ба түүнийг УИХ-аар хэлэлцүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг нь зөвшөөрвөл хориг тавьсан хууль, заалт хүчингүй болно. Хориг тавигдаагүй тохиолдолд хууль хүчин төгөлдөр болох хугацааг тухайн хуульд заасан бол тэр хугацаанаас эхлэн, заагаагүй бол хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болж үйлчлэнэ. Хуулийг хэвлэн нийтлэх албан ёсны тусгай хэвлэл нь “Төрийн мэдээлэл” сэтгүүл бөгөөд түүнийг сар дутам гаргадаг. Түүнчлэн өдөр дутмын сонинуудад хэвлэн олон түмэнд хүргэж байна. УИХ хуулийн биелэлтийг хянан шалгах үүргээ Байнгын болон дэд хороодоор, тэдгээрийн гишүүдээр, түүнчлэн ажлын хэсэг байгуулах зэрэг зохион байгуулалтын хэлбэрээр хэрэгжүүлдэг. УИХ-ын үйл ажиллагааг “УИХ-ын тухай”, “ УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай” хуулиуд, “УИХ-ын дэг” –ээр зохицуулдаг. Гүйцэтгэх байгууллага Тус улсад гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг тус бүрд нь тодруулан авч үзье. 1.2.3.1. Ерөнхийлөгч Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч: Төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх бөгөөд Дараахь бүрэн эрхтэй: Хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих, Бүрэн эрхийн асуудлаараа Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлж, олон улсын гэрээ байгуулах, уучлал үзүүлэх, улсын цол, одон медалиар шагнах зэрэг. Засгийн газар Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага юм. Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Хуулийн биелэлтийг хангах ажлыг улс даяар зохион байгуулах, үндсэн чиглэл, төсөв төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг хангуулах, улс орны хөгжлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, аюулгүй байдал, эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх зэрэг болон бусад бүрэн эрх. Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана. Яам, агентлаг Засгийн газрын гишүүд нь яамдыг удирдах ба яамд нь дараахь чиглэлээр байгуулагдана: ерөнхий чиг үүргийн салбарын Ерөнхий чи үүргийг яамдад: Хууль зүй, дотоод хэргийн Санхүү, эдийн засгийн Гадаад харилцааны яамд хамаарна. Салбарын яам днь тухайн салбарын асуудлаа эрхлэн ажиллах ба одоогийн байдлаар Үйлдвэр, худалдааны, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг 8 яам үйл ажиллагаа явуулж байна. Яамд нь төрийн захиргааны төв байгууллага бөгөөд тухайн эрхэлсэн асуудлынхаа хүрээнд төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтийг хангуулна. Яамны харьяанд тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр агентлагуудыг байгуулж ажиллуулна. Тухайлбал: Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Оюуны өмчийн газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар зэрэг, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Улсын мал эмнэлэг, үржлийн газар зэрэг нийт 20-иод агентлаг ажиллаж байна. Орон нутгийн захиргаа Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд төрийн удирдлагыг тэдгээрийн Засаг дарга хэрэгжүүлнэ. Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, Засгийн газар, дээд шатныхаа Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангуулна. Засаг даргын ажлын алба нь Тамгын газар юм. Засаг дарга төрийн удирдлагыг нутгийн өөрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлнэ. Засаг даргыг Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь томилно. Гүйцэтгэх байгууллагуудын тухай илүү нарийвчилсан мэдээллийг “Захиргааны эрх зүй”-н тухай наймдугаар бүлгээс үзнэ үү! 1.2.4. Шүүх эрх мэдлийн байгууллага Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүхийн дараахь байгууллагууд хэрэгжүүлнэ: Үндсэн хуулийн цэц Дээд шүүх Аймаг, нийслэлийн шүүх Сум, дүүргийн шүүх Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд тодорхой төрлийн үйл ажиллагаагаар оролцон ажиллаж байдаг дараахь байгууллагууд байдаг: прокурор, цагдаа, өмгөөлөх, нотариат, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага . Шүүхийн байгууллагууд нь эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /иргэний, захиргааны хэрэг/ -ийг иргэд, байгууллагын хүсэлтээр хянан шийдвэрлэх байгууллага юм. Шүүх нь энэ эрхийг шударга, хууль зүйн дагуу хэрэгжүүлснээр үнэн зөвийг тогтоож, хуулийг хэлбэрэлтгүй сахих явдлыг хангах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн, хохирлыг арилгах үүргийг биелүүлж байдаг. “Эрүүгийн хэрэг” гэж Эрүүгийн хуульд хорих буюу бусад эрүүгийн ял шийтгэл хүлээлгэхээр заасан нийгэмд хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. “Эрх зүйн маргаан “ гэж иргэн, байгууллагаас эрхээ зөрчигдсөн тухай гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг хэлнэ. Үүнд иргэний ба захиргааны хэрэг, маргаан багтана. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага ба Үндсэн хуулийг сахиулах баталгаа болж байдаг. Тодруулбал Үндсэн хуулийн цэц нь дараахь этгээдээс гаргасан шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн бол тэдгээрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй. Хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр, Олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэр, УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэр, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх. Үндсэн хуулийн цэц дээрх асуудлуудыг иргэдийн гомдол, мэдээлэл болон УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан хэлэлцэнэ. Цэц маргаантай асуудлаар эхний удаа дүгнэлт гаргаж түүнийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх ба УИХ зөвшөөрөөгүй бол дахин хэлэлцэж шийдвэр гаргана. Энэ эцсийн шийдвэр гарсан өдрөөр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоосон хууль, зарлиг, шийдвэр хүчингүй болно. Дээд шүүх Тус улсад дор дурьдсан шүүхүүд ажиллаж байна. Сум, сум дундын, дүүргийн шүүх Аймаг, нийслэлийн шүүх Дээд шүүх. Дээд шүүх нь шүүхийн дээд шатны байгууллага юм. Дээд шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Дээд шүүхийн болон аймаг, нийслэлийн шүүхийн давж заалдах, хяналтын шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг хянан, хууль зөрчсөн алдаатай шийдвэрийг зөвтгөн засаж байх, Нийт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах, Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. Энэхүү тайлбарыг улсын хэмжээнд нэгэн мөр дагаж хэрэглэх ёстой. Дээд шүүхэд давж заалдах журмаар хэрэг, маргааныг 3 шүүгчийн, хяналтын журмаар 5 шүүгчийн, хяналтын тогтоолд Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан бол нийт шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр шийдвэрлэнэ. Дээд шүүхийн шийдвэр эцсийн байх ба түүнийг ямар нэг байгууллага, албан тушаалтан хянан үзэх эрхгүй байдаг. Дээд шүүхийн дэргэд Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийн сахилгын хороо, шүүхийн мэргэшлийн хороо тус тус ажиллана. Аймаг, нийслэлийн шүүх Аймаг, нийслэлийн шүүх захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэнэ. Аймгийн шүүх сум, сум дундын шүүхийн, нийслэлийн шүүх дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Аймаг, нийслэлийн шүүх доод шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангана. Аймаг, нийслэлийн шүүх хэрэг, маргааныг анхан шатаар болон давж заалдах журмаар 3 шүүгчийн бүрэлдхүүнтэй шийдвэрлэнэ. Аймаг, нийслэлийн шүүхэд хэрэг хянуулах давж заалдах өргөдлийг тухайн хэргийг шийдсэн анхан шатны шүүхээр дамжуулан өгнө. “Захиргааны хэрэг” гэж төрийн гүйцэтгэх болон өөрийн удирдлагын, нийтийн үйлчилгээний, шашны зэрэг байгууллагын захиргааны акт /шийдвэр, арга хэмжээ/ -ын талаар гаргасан маргааныг хэлнэ. Сум, сум дунд, дүүргийн шүүх Аймгийн төв, зарим суманд сум, сум дундын шүүх, нийслэлд дүүргийн шүүх ажиллана. Эдгээр нь эрүү, иргэний бүх хэргийг анхлан хүлээн авч хянан шийдвэрлэх анхан шатны шүүх юм. Эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалган, прокурор яллах дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлснээр тухайн шүүх шийдвэрлэнэ. Иргэний хэргийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах дараахь харьяалал байдгийг анхаарвал зохино: Хүний амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн буюу эсхүл хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно. Өөр өөр газар суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр аль нэг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэл нээлгэх тухай нэхэмжлэлийг уг эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана. Дээр дурдсанаас бусад тохиолдолд хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргана. Нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлнө. Эд хөрөнгийн чанартай бөгөөд үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамааран түүний 2- 4 орчим хувиар тооцно. Анхан шатны шүүх нь хэрэг, маргааныг 3 шүүгч, хуульд заасан зарим хэргийг шүүгч дангаар шийднэ. Схем Шүүхийн байгууллагуудын бүтэц Улсын дээд шүүх Аймаг, нийслэлийн шүүх
Сум, сум дундын, дүүргийн шүүх Практик алхам: Шүүхэд нэхэмжлэл бичих. Нэхэмжлэл гаргахдаа дараахь зүйлсийг тусгана: нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн нэр, хаяг, хариуцагчийн нэр, хаяг, ямар үндэслэлээр ямар шаардлага тавьж байгаа, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ, хавсаргасан баримт бичгийн жагсаалт. Хуулийн бусад байгууллага – прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх бйгууллагууд 1.2.4. 5.1. Цагдаагийн байгууллага Цагдаагийн байгууллага нь иргэд, байгууллагын гомдол, мэдээлэл, бусад баримтыг үндэслэн гэмт хэргийг шалгах, нийгмийн дэг журмыг хангах үүрэг бүхий байгууллага юм.
Энэ үүргийг сум, дүүргийн ба сум, дүүрэг дундын цагдаагийн хэлтэс /тасаг, хэсэг/, аймаг, нийслэлд цагдаагийн газар /хэлтэс/, улсын хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяанд Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Замын цагдаагийн газар ажиллаж хэрэгжүүлж байна. Схем Цагдаагийн байгууллагын бүтэц Цагдаагийн ерөнхий газар Цагдаагийн байгууллага дараахь үйл ажиллагаа явуулна: Эрүүгийн хэргийг шалгана. Энэ талаархи гомдол, мэдээллийг дээр дурдсан анхан шатны байгууллага, албан тушаалтанд амаар буюу бичгээр гаргаж болно. Гаргасан гомдол, мэдээллийг заавал хүлээн авах үүрэгтэй ба түүнийг тав хоногийн дотор шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана. Энэ хугацааг нэмэлт баримт авах, хэргийн газарт үзлэг хийх зэрэг шалтгаанаар албаны дарга 14 хүртэл хоногоор сунгаж болно. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа хөнгөн хэрэгт 14 хоног, хүндэвтэр хэрэгт 30 хоногт багтаан хэрэг бүртгэлт явуулна. Бусад хүнд, онц хүнд хэрэгт мөрдөн байцаалтыг 2 сарын хугацаанд явуулна. Гэмт хэргийн хүнд, хөнгөний ангиллыг 4 дүгээр сэдвээс үзнэ үү! Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. Жижгээр танхайрсан зэрэг захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ. Сураггүй алга болсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болон шүүхийн шийдвэрээр хаяг тодорхойгүй зэрэг хүнийг эрэн сурвалжлана. Цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэрийг биелүүлнэ. Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа хүнийг эрүүлжүүлэх, эсхүл хамгаалах хүнд хүргэж өгнө. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана . Цагдаагийн байгууллага нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах үйл ажиллагаа явуулахдаа олон нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэгэд түшиглэнэ. Иргэдийн дээрх үйл ажиллагааны нэг хэсэг нь олон нийтийн байцаагчийг ажиллуулах явдал юм. 1.2.4.5.2. Прокурорын байгуууллага Прокурорын байгууллага нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Тус улсад Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, сум, сум дунд, дүүргийн прокурорын газар ажиллана. Ерөнхий прокурорын дэргэд хуулийн байгууллагын ажилтны үйлдсэн эрүүгийн хэргийг шалгах мөрдөн байцаах алба ажилладаг. Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд хяналт тавих, хэргийг шүүхэд шилжүүлэх талаар дараахь эрхтэй: Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэстэй эсэхийг хянаж, буруу бол тогтоолыг хүчингүй болгох, Эрүүгийн хэрэг үүсгэх, Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны талаар гаргасан гомдлын дагуу хянан шалгаж, тодорхой даалгавар өгөх, Сэжигтэн, яллагдагчийг хорьж мөрдөх саналыг шүүхэд тавих хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх талаархи хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг шийдвэрлэх, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх, хэргийг буцаах, яллагдагчид яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх. Прокурорын байгууллага эрүү, иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ: эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, шүүгдэгчид оногдуулах ялын талаар санал гаргах, эсхүл шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн, хэргийг дахин шалгуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр яллахаас татгалзах, эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж, хэргийг дээд шатанд нь хянуулах, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох, дээд шатанд нь хэргийг хянуулахаар гомдол гаргах. Прокурорын байгууллага захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих явцад дараахь эрх эдэлнэ: гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаанд хууль сахиж байгаа байдал, түр саатуулах, албадан саатуулах шийдвэрийг зөв гаргасан эсэх, захиргааны шийтгэлийг зөв ногдуулсан эсэх, Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих явцад дараахь эрх эдэлнэ: ял эдлэлтийн байдлыг шалгах, зөрчлийг арилгах, ял эдлүүлэх дэглэм, нөхцлийг шалгах, мөрдүүлэх, ялын төрөл, дэглэм солих, ялтныг ялаас чөлөөлөх, хугацаанаас өмнө суллах тухай шүүх хуралдаанд орж дүгнэлт гаргах. . Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх газар юм. Тус байгууллага дараахь шийдвэрийг биелүүлнэ: иргэн, захиргааны хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, гадаад улсын шүүх, арбитрын шийдвэр шүүхээр баталгаажуулсан нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, захиргааны шийтгэвэр, эрүүгийн хэргийн торгууль, эд хөрөнгө хураах ял ногдуулсан шийдвэр, албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр, Эдгээрээс гадна хорих, баривчлах ялыг баривчлах байр, хорих анги, гянданд эдлүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага Тус улсад төрийн удирдлагын зэрэгцээ ард иргэд тухайн нутаг орондоо өөрсдийн төлөөллийн байгууллагаа сонгон байгуулж удирдах үйл ажиллагааг хослон явуулдаг. Энэ нь нутгийн өөрийн удирдлагын байгууллага буюу аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, түүний Тэргүүлэгчид юм. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгуулийн хуулийн дагуу 4 жилийн хугацаагаар сонгон байгуулдаг. Сонгуулийг Улсын их хурлаас товлон зарлана. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог нэг мандаттай байх ба тойргийг хүн амын тооноос хамааран тогтоосон байдаг. Тойргийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид сонгуулийн санал авах өдрөөс 18-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх ба төсвөө жил бүр баталж хэрэгжүүлнэ. Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй ба Хурлын шийдвэрт хориг тавих эрх эдэлнэ.
ДАСГАЛ 1.2.1. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын схем Төрийн эрх мэдлийн хуваарилалтын схемээр харуулах ДАСГАЛ 1.2.2.Хууль тогтоох үйл ажиллагааны схем УИХ-ын хууль боловсруулах, хэлэлцэх, батлах процессийг харуулсан схем зохиох 1.3 Хуульч ҮР ДҮН: Энэ бүлгийг судалснаар суралцагчид дараахь чадвар эзэмшинэ:
1. Шүүгч болон бусад хуульчдын тухай , тэдгээрийн эрхлэх ажил үүргийн Тал талаар мэдсэнээр тэдэнд асуудлаа хэрхэн тавьж шийдвэрлүүлэх чадвартай ох, болох, 2. Ялангуяа өмгөөлөгчийн туслалцаа авах талаар тодорхой мэдэж, практик арга барил эзэмшинэ. Шүүгч Урьдах бүлэгт үзсэнээс үндэслэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхэд эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэгч нь шүүгч юм. Бүх шатны шүүх нь шүүгч болон ерөнхий шүүгчдээс бүрдэнэ. Шүүгч нь прокуророос шилжүүлэн ирүүлсэн эрүүгийн хэрэг, иргэд, байгууллагаас ирүүлсэн эрх зүйн маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх бүрэн эрх эдэлнэ. Ерөнхий шүүгч нь шүүгчийн эрхийг эдлэхээс гадна шүүх хуралдаан даргалагчийг томилох болон тухайн шүүхийн зохион байгуулалтын асуудлыг шүүхийн тамгын газар, хэлтсийг удирдах замаар эрхлэнэ. Шүүгч эрүүгийн хэргийн талаар дараахь үйл ажиллагаа явуулна: Анхан шатны шүүхэд шүүгч нь хэргийг хүлээн авч, түүнтэй танилцан, хэргийг шүүх хуралдаанд оруулан хэлэлцүүлэх, эсхүл нэмж шалгуулахаар буцаах эсэхийг шийдвэрлэнэ. Шүүх хуралдааныг удирдан явуулж, шүүгдэгчид ял оногдуулах, эсхүл түүнийг цагаатгах тухай шийдвэр гаргана. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч хэргийг хүлээн эвч, танилцан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн, гомдол, эсэргүүцлийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана.
Шүүгч эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх талаар дараахь үйл ажиллагаа явуулна Анхан шатны шүүхэд шүүгч нь иргэд, байгууллагын өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуулийн шаардлага хангаагүй бол татгалзах, иргэний болон захиргааны хэрэг үүсгэн, холбогдох бүрдлийг хангаж, шүүх хуралдаанаар хэлэлцэх, хэргийг шийдвэрлэж, шаардлагыг бүрэн буюу хагасыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах. Давж заалдах болон хяналтын шатны шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх буюу хүчингүй болгох шийдвэр гаргана. Прокурор Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурорууд ажиллана. Прокурорын бүрэн эрхийн талаар 2 дугаар бүлэгт дурдсаныг анхаарна уу! Прокурорхяналтын эрх, үргээ хэрэгжүүлэхдээ дараахь шийдвэрүүдийг гаргана: эрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд хууль зөрчсөн зөрчлийг арилгуулахаар шаардлага бичнэ. Түүнийг авсан этгээд зөрчлийг арилган, 14 хоногт хариу өгөх үүрэгтэй. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичнэ. Эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар өгнө. Шүүхээс зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд хүний эрх хөндсөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг бичгээр өгнө. Шүүх хуралдаанд оролцох үүргийн хүрээнд эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичнэ. Прокурорын үйл ажиллагаанд гомдолтой байвал дараахьжурмаар гомдол гаргана Прокурор дээр дурдсан эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ ямар нэг байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байвал, түүний гаргасан шийдвэрт гомдолтой байвал түүний шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг дээд шатны прокурорт нь гаргаж хянуулна. Жишээ нь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын талаархи гомдлыг аймгийн Ерөнхий прокурорт нь гаргана гэсэн үг. Өмгөөлөгч ба үйлчлүүлэгч Иргэд, байгууллагад тэдний хүсэлтээр эрх зүйн туслалцаа үзүүлэх эрх, үүрэг бүхий этгээд нь өмгөөлөгч юм.
1.3.3.1 Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл,өмгөөлөгчийн ёсзүй Эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудал нь нарийн мэргэжил, мэргэшил, ур чадвар шаардсан тун хариуцлагатай ажил юм. Иймд өмгөөллийн үйлчилгээ эрхлэх этгээд нь эрх зүйн дээд мэргэжил эзэмшсэн, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх шаардлагатай ба өмгөөлөл хийх тусгай зөвшөөрөл /лиценз/ авсан байх ёстой. Өмгөөлөгч нь тухайн аймаг, нийслэлийнхээ өмгөөлөгчдийн салбар зөвлөлд харьяалагдаж ажилладаг. Түүнчлэн бүх өмгөөлөгчдийг нэгтгэсэн Монголын өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим өмгөөлөгчид хамтран хуулийн этгээд байгуулан ажилладаг байна. Өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхол, эрхийг бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй ба хууль бус арга хэрэгсэл хэрэглэх эрхгүй. Түүнчлэн өмгөөлөгчийн ёс зүйн шаардлагыг нягт баримтлан ажиллах, үйлчлүүлэгчдээ мэргэжлийн өндөр түвшинд туслалцаа үзүүлэх, шударга үнэнчээр ажиллах, үйлчлүүлэгчийнхээ нууцыг задруулахгүй байх, жилд 2 удаа төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх зэрэг үүрэг хүлээнэ. 1.3.3.2Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч байгаа үйлчлүүлэгч нь дараахь зүйлд анхаарахыг зөвлөж байна: ямар өмгөөлөгчөөс туслалцаа авахаа өөрөө сонгон авах, ямар туслалцаа авахаа өмгөөлөгчтэй тохиролцон тогтоох, үйлчилгээний талаар гэрээ байгуулах ба хөлсийг тохиролцох, тухайн туслалцаа авч байгаа асуудлаар хууль тогтоомжоор ямар эрх, үүрэг эдлэх талаар бүх лавлагааг бүрэн авах, тухайн туслалцаанаас хамааран хуулийн дагуу, хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэхийг шаардах, гэрээгээ цуцлах, өмгөөлөгчөө солих, хэд хэдэн өмгөөлөгч авах, төлбөрийн чадваргүй бол үнэгүй өмгөөлүүлэх, /Тухайн үйлчлүүлэгчийн сарын орлого хүн амын амьжиргааны доод түвшинд хүрэхгүй бол төлбөрийн чадваргүй гэж үзнэ. Ийм үйлчлүүлэгчийн үйлчилгээний хөлсийг улсын төсвөөс өмгөөлөгчид олгодог./ өмгөөлөгчөөс ёс зүйгээ баримтлан ажиллахыг шаардах, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун биш байвал гомдол гаргах. 1.3.3.Өмгөөлөгчтэй хийх гэрээ өмгөллийн хөлс Үйлчлүүлэгч нь өмгөөлөгчөөс юуны өмнө ямар эрх зүйн туслалцаа авах шаардлагатай талаар зөвөлгөө авах нь зохимжтой. Таны туслалцаа авахыг хүсэж байгаа зүйл нарийн төвөгтэй, эсхүл хялбар болохоос хамааран яаж ажиллахаа тодорхойлно. Үйлчлүүлэгч хуулийн тодорхой асуудлаар лавалгаа авах, өргөдөл, гомдол, гэрээ зэрэг баримт бичгийн эх зохиолгох зэрэг зарим асуудлыг шууд биелүүлэх боломжтой бол гэрээ байгуулахыг шаардахгүй. Харин иргэний, захиргааны хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд төлөөлөгчөөр оролцох, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцох зэрэг тохиолдолд гэрээ байгуулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хооронд ямар эрх зүйн туслалцааг хэрхэн авах, түүнд ямар хөлс төлөх талаар гэрээ байгуулна. Үйлчилгээний хөлсийг талууд тохиролцон тогтоох ба эрүү, иргэний хэргээр ялгавартай байдлаар хөлс төлөх жишгийг Өмгөөлөгчдийн холбооноос батлан гаргасан байдаг. Гэхдээ энэ нь жишиг учраас түүнийг заавал мөрдөнө гэсэн үг биш ба хөлсний хэмжээг тогтоох нь талуудын чөлөөтэй сонгох асуудал юм. 1.3.3.4. Өмгөөлөгчийн үйл ажиллагааны талаар Гомдол гаргах Өмгөөлөгч ёс зүйгээ зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүх, цагдаагийн байгууллагад төлөөлөх, өмгөөлөх үүргээ хуулийн дагуу хангалттай биелүүлээгүй зэргээр өмгөөлөгчийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгч сэтгэл хангалуун биш байвал гомдол гаргах бүрэн эрхтэй. Гомдлыг Өмгөөлөгчдийн салбар зөвлөл, түүний даргад, түүнчлэн Монголын өмгөөлөгчдийн холбоонд гаргаж болно. Гомдлыг эдгээр байгууллага, албан тушаалтан хянан шалгаж, холбогдох арга хэмжээ авах ба өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байдаг. Цагдаагийн алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөнбайцаагч Цагдаагийн ерөнхий газар, түүний харьяа газрууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн цагдаагийн газар, хэлтэст нийгмийн хэв журмыг сахин хангуулах, эрүүгийн хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах эрх бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаагийн бусад алба хаагч ажиллана. Эдгээр нь хуулиар нарийвчлан тогтоосон эрх, үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль зэрэг. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг шалгах эрх бүхий ажилтныг хэрэг бүртгэгч, хүнд, онц хүнд хэргийг мөрдөн шалгах ажилтныг мөрдөн байцаагч гэнэ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх, үүрэгтэй: Эрүүгийн хэрэг үүсгэх, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт тавих, Хэргийн газарт үзлэг хийх, зураглал, бичлэг хийх, сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, хохирогч,иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоох, шинжээч томилох, хөндлөнгийн гэрчээр оролцуулах, батлан даалт, барьцаа, баталгаа авах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах, баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах буюу өөрчлөх саналыг прокуророор дамжуулан шүүхэд тавих, албадан ирүүлэх, торгууль ногдуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх зэрэг албадлагын арга хэмжээ авах, нотлох баримтуудыг цуглуулах, байцаалт авах, шинжилгээ хийлгэх, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, хамгаалах, хэрэг үйлдэгчийг тогтоох бүх арга хэмжээ авах. Нотариатч Олон төрлийн хууль, ялангуяа Иргэний хуульд зарим гэрээ, хэлцэл, эрх болон баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг тавьсан байдаг. Энэ мэтчлэн тодорхой төрлийн нотариатын үйлдэл хийж үйл ажиллагаа явуулах үүргийг нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэнэ. Дараахь этгээдийг нотариатч гэнэ: Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн. Дараахь этгээдийг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэнэ: Нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу хавсран эрхэлж байгаа сумын Засаг даргын тамгын газрын дарга, Нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн буюу консулын газар. Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч адил эрх, үүрэгтэй. Нотариатч нотариатчийн үүрэг гүйцэтгэгч дор дурдсанг үйлдэнэ Хэлцэл, гэрээ, итгэмжлэл, өв залгамжлах эрх, бусад эрх, гэрээслэл гэрчлэх, Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт гэрчлэх, бичиг баримтын хуулбар, орчуулга, гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх, өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, хуульд заасан бусад үйлдэл. Нотариатын үйлдлийг 72 цагийн дотор хийнэ, эсхүл татгалзана. Нотариатын үйлдэл нь хууль тогтоомжид харшлах буюу үйлчлүүлэгч эрхийн чадамжгүй, төлөөлөх эрхгүй этгээд байвал үйлдэл хийхээс талгалзана. Нотариатч тодорхой тойрогт үйл ажиллагаа явуулна. Нотариатын үйлчилгээ хийлгэсэн бол хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлнө. Мөн үйлчилгээний хөлс, ажлын байрнаас өөр газар хүсэлтээрээ үйлчлүүлсэн бол түүний зардлыг төлнө. Хөлс, зардлын жишгийг Хууль зүйн сайд тогтооно. үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд үнийн дүнгийн 0.03-0.05 хувь,үнэлж үл болох гэрээ, баримт бичиг, бусад эрх гэрчлэхэд 50-2000 төгрөг,бусад гэрээ, хэлцэл гэрчлэхэд үнийн дүнгийн 0.01-0.02 хувь.Хураамжийг өөрөөр тохиролцоогүй бол талууд тэнцүү хувааж төлнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу төлөх нотариатын үйлчилгээний хураамж: Нотариатч нэгдэн Нотариатчдын танхимыг байгуулан ажиллах ба аймаг, нийслэлд салбар байна. Нотариатч хууль, ёс зүй зөрчсөн бол сануулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болон торгох шийтгэл ногдуулах ба үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлнө..
Бусад хуульчид: хуулийн зөвлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Зарим хуульчид өмгөөлөгчийн лиценз авалгүйгээр эрх зүйч мэргэжлээрээ ажилладаг ба тэдгээр нь ихэвчлэн төрийн ба төрийн бус байгууллага, хувийн байгууллагад хуулийн зөвлөхөөр буюу хувиараа ч ажилладаг байна. Тэд тодорхой байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан эрх зүйн мэргэжил шаардсан ажлыг байнга буюу түр хугацаагаар эрхэлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн талаар энэ сэдвийн 2.3.4.5-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хэсэгт өгүүлсэнийг анхааралдаа авна уу. Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллана. Шийдвэр гүйцэтгэгчид шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг хүссэн хүсэлтийг иргэн, байгууллага гаргах ба гүйцэтгэх үйл ажиллагааны хуульд заасан зардлыг төлнө. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ гүйцэтгэгч дараахь тодорхой үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг: төлбөр төлөгчийн хадгаламж, харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгөнд, биед үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, албадан борлуулах, эд хөрөнгийн талаар мэдүүлэг авах, түр саатуулахаар шүүхэд хандах, өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх, цалин хөлс, орлогоос суутгал хийлгүүлэх, барилга, орон сууцнаас нүүлгэн гаргах, хүүхдийг эцэг,эхэд нь шилжүүлэх зэрэг тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, хорих, баривчлах, албадан ажил хийлгэх болон бусад эрүүгийн ялыг эдлүүлэх. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор гомдлоо ахлах гүйцэтгэгчид, түүний шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гаргана. 1.4. Хүний эрхийнтухай ойлголт, түүний баталгаа ҮР ДҮН: Суралцагч энэ бүлгийг судалснаар дараахь чадвар эзэмшинэ: Хүний эрх, түүнийг Үндсэн хуулиар хэрхэн баталгаажуулсан тухай тайлбарлах. Эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг хэрхэн хамгаалах, яаж хохирлоо арилгуулах талаар үйл ажиллагаа явуулах. Хүний эрхийн асуудлыг Үндсэн хуулиар заан тунхаглаж, түүнийг хэрэгжүүлэх эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг төр хариуцдаг. Тус улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг эдлэнэ: Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, Ажил мэргэжлээ сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, өндөр, наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад үед эд мөнгөний тусламж авах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж /зарим нөхцөлд үнэгүй/ авах эрхтэй, сурч боловсрох, ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, оюуны өмчөө хуулиар хамгаалуулах эрхтэй, төрийг удирдахад оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох, нам, олон нийтийн байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхтэй, нийгмийн бүх амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй , эмэгтэй тэгш эрх эдлэх эрхтэй, төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Халдашгүй чөлөөтэй байх, хувийн, захидал харилцааны, гэр бүлийн нууц, орон байрны халдашгүй байдлаа хуулиар хамгаалуулах эрхтэй, эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах, гэм бурууг зөвхөн шүүхээр тогтоолгох эрхтэй, нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй, улсынхаа нутагт чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгох эрхтэй, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй. Хүний амьд явах эрх нь бусад хүний зүгээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах аливаа үйлдэл хийхгүй байхыг шаардана. Түүнчлэн нийгмийн эрүүл орчныг хадгалах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй салшгүй холбоотой байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зөвхөн цаазаар авах ял оноож болно. Бусад тохиолдолд хүний амь насыг хохироосон этгээдэд хатуу хариуцлага хүлээлгэнэ. Хүн хуульд харшлахгүй аргаар өмч хөрөнгөтэй болох, түүнийгээ эзэмшиж, ашиглах, бусдад шилжүүлэх, үр хүүхэд төрөл садандаа болон хэнд ч өв залгамжлуулан өгөх эрхтэй бөгөөд эдгээрийг хуулиар хамгаалж, бусад этгээд түүнд хууль бусаар халдахаас хамгаалагдсан байдаг. Энэ нь хүмүүсийн сайн сайхан амьдрах эх булаг бөгөөд улс орны хөгжлийн үндэс болдог. Түүнчлэн төрөөс хүний өмчийг хууль бусаар хураан авах, дайчлан авахыг хориглодог. Хүн амьдрал ахуйгаа төвхнүүлэн нийгэмд байр суурь эзэлж тав тухтай амьдрах эх үүсвэр нь тодорхой ажил мэргэжил эзэмшин, түүнийгээ өөрөө чөлөөтэй сонгон авч хөдөлмөрлөх, хувийн аж ахуйг олон хэлбэрээр эрхлэх эрхтэй. Хөдөлмөрийн гэрээгээр бусдыг ажиллуулж байгаа этгээд хөдөлмөрийн аятай нөхцөлд ажиллуулах, цалин хөлсийг төрөөс тогтоосон доод хэмжээнээс багагүйгээр заавал олгох, Хөдөлмөрийн хуулиар тогтоосон амралтуудыг эдлүүлэх үүргийг хүлээдэг.Энэ нь нөгөө талаар хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх ёсгүй болохыг илэрхийлдэг ойлголт юм. Хүн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах зэргээр хөдөлмөр эрхлэн, ахуй амьдралаа авч явах боломжгүй болсон үед нь төрөөс эд мөнгөөр туслан дэмжих зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд үүнийг хүний эрхийн нэг хэсэг гэж үздэг. Төрөөс иргэн хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй, чанартай үзүүлэх, хөдөлмөрийн чадваргүй зэрэг тохиолдолд уг тусламжийг үнэгүй үзүүлэх үүргийг өөртөө авдаг. Энэ нь хүний эдэлбэл зохих эрх юм. Хүний сурч боловсрох эрх нь нийгэмд бие даан амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх анхдагч боломжийг бүрдүүлдэг тул иргэд ямар боловсрол эзэмших, аль сургуульд сурах зэргээ өөрөө тодорхойлох ба ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхийг хэрэгжүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн байдаг. Оюун ухаант хүн болон төрсөнийхөө хувьд аливаа соёл, урлагийн үйл ажиллагаа явуулах, шинжлэх ухааны бүтээл туурвих эрхтэй бөгөөд түүнийгээ ашиглах, үр шимийг нь хүртэх, бүтээж туурвисан оюуны бүтээлээ төрд бүртгүүлэх замаар оюуны өмчийн эрхээ эдлэх, бусад хүн хууль бусаар ашиглахаас хамгаалуулах эрхтэй. Аливаа иргэн өөрийн хүсэл зоригийн дагуу төрийн байгууллагыг сонгох сонгуульд оролцож саналаа өгөх, өөрөө төрийн сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлэн сонгогдох замаар төрийг удирдахад оролцох эрх эдэлнэ. Энэ нь улс төрийн чухал эрхийн нэг юм. Сонгох эрхийг 18 наснаас эдлэх ба сонгогдох эрхийг тухайн албан тушаалд тавих шаардлагаас хамааруулан хуулиар өөр өөрөөр тогтоодог. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, Улсын Их Хурлын гишүүнээр 25 нас хүрсэн хүн сонгогдож болдог. Хүн өөрсдийн ашиг сонирхлын төлөө болон нийгмийн тусын тулд үзэл бодлоороо нэгдэн улс төрийн нам бусад олон нийтийн байгууллага байгуулах замаар эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлдэг. Тус улсад олон нийтийн байгууллагуудыг салбар, мэргэжил, хүн амын бүлэг зэрэг олон чиглэлээр байгуулан ажиллаж байгаа нь иргэний нийгмийн хөгжлийн чухал үзүүлэлт бөгөөд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий байгууллагууд ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа нь сайшаалтай юм. Иргэд аль нэгэн байгууллагад эвлэлдэн нэгдсэний нь төлөө ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Зарим тохиолдолд улс төрийн намын гишүүний асуудлыг төрийн зарим албан тушаал хашиж байгаа хугацаанд түдгэлзүүлж, намын дотоод үйл ажиллагаанд оролцох, намын сонгуульт байгууллагад сонгогдон ажиллахыг хязгаарладаг. , Тухайлбал: Төрийн тусгай албан тушаалтан болох шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зэрэг. Эрэгтэй , эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн асуудлыг жендер/gender/ -ийн асуудал хэмээн томьёолж, дэлхий нийтэд онцгой анхаарал хандуулж байгаа нь тус улсад ч нэгэн адил өндөр ач холбогдол бүхий байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн бүх амьдралд болон гэр бүлийн харилцаан дахь эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцооны доголдож байгаа хэсэгт, тухайлбал: эрэгтэйчүүдийн боловсрол, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоонд ихээхэн анхаарах шаардлагатай байгаа юм. Энэ талаар төрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бодлогын нэг жишээ нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхээр тогтоосон явдал юм. Төрөөс иргэнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн байгууллага, албан хаагч үүргээ ёсчлон биелүүлэх нэг механизм нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, тэдгээр нь уг өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж, хариу өгч байх үүрэгтэй байдаг явдал юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн дагуу харьяаллын өргөдөл, гомдлыг нэг сарын дотор шалган шийдвэрлэж хариу өгөх, харьяаллын бус бол холбогдох газар нь 3 хоногийн дотор шилжүүлж, өргөдөл гаргагчид энэ тухайгаа мэдэгдэхээр заасан байдаг. Хувь хүний эрхэнд хэн ч хууль бусаар халдах ёсгүй бөгөөд хүний орон байранд дур мэдэн нэвтрэн орох, хувийн, захидал харилцааны, гэр бүлийн нууцыг олж мэдэх, задруулахыг хориглодог. Хүний нэр төрийг доромжлон гутаах, хууль бусаар баривчлах, нэгжих, хорих, мөрдөн мөшгих, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандаж болохгүй. Баривчилсан тохиолдолд түүний үндэслэл шалтгааныг өөрт нь болон гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь даруй мэдэгдэх ёстой. Хуульд заасан эрх нь зөрчигдсөн бол түүнийг хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, хохирлоо төлүүлэх эрхтэй. Гэмт хэрэгт холбогдсон тохиолдолдөөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрийн болон гэр бүлийнхэн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Гэм бурууг зөвхөн шүүхээр тогтоолгох ба гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно. Хувь хүнийхээ хувьд аливаа асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Харин хуулиар төрийн, байгууллагын, хувийн нууц хэмээн тогтоосон асуудлаар ийм эрх эдлэхгүй. Тус улсын иргэний хувьд улсынхаа аль ч нутагт чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгох эрхтэй. Улсын нийслэлд оршин суух явдлыг ямар нэг байдлаар хязгаарласан зэрэг арга хэмжээ нь энэ эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Хүнийхээ хувьд тодорхой шашныг шүтэн бишрэх, ямар ч шашныг шүтэхгүй байх нь чөлөөтэй ба шашин эс шүтсэн, эсхүл шашин шүтсэнийх нь төлөө аливаа нэгэн хязгаарлал тогтоох ёсгүй. Хүн тодорхой итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх нь хувь хүний үндсэн эрх чөлөө юм. Иргэд энэ эрхээ эдлэхдээ бусдын эрхэд хохирол учруулах, нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг алдагдуулах ёсгүй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтоосон бөгөөд уг хуулийг мөрдөж, түүнээс үүсэн буй болсон хохирол, зөрчлийн хариуцлагыг түүнийг зохион байгуулагчид хүлээх үүрэгтэй байдаг нь зүй ёсны асуудал юм. Хуулиар тунхагласан эдгээр эрх, эрх чөлөөг хүн амьдрал дээр бодитойгоор эдлэх баталгаа нь түүнийг төрөөс хэрхэн бүрдүүлж чадсан болон хүмүүс бусдынхаа эрхийг хэрхэн хүндэтгэн биелүүлж байгаагаас хамаарна. Тухайлбал хүрээлэн байгаа орчны бохирдол, байгаль, экологийн тэнцэл алдагдахаас сэргийлэх зэрэг бүхий л нийгмийн хэмжээний бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төр онцгой анхаарах шаардлагатай байдаг. Тус улсад хүний эрхийг илүү баталгаатай хангах чиглэлээр төрийн бодлогыг нэгтгэн тодорхойлсон “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-аас 2003 онд батлан гаргаад хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм. 1.4.2.Хүний эрх зөрчсөн тохиолдолд сэргээх, хохирлыг арилгах Хүний эрхийг эдлүүлэх баталгааг хангах арга механизмын нэг хэсэг нь түүнийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчихтэй тэмцэх, зөрчсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх, хохирлыг бүрэн арилгах явдал юм. Энэ зорилгоор улс орны болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, хүний эрхийг зөрчихтэй тэмцэх чиглэлээр олон төрлийн хууль тогтоомж батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал: нийгэмд хамгийн их хор хөнөөл учруулдаг, хүний эрхийг хүнд хэлбэрээр зөрчдөг эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг үйлдэгчид ял шийтгэл ногдуулах, тэднийг засаж хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиуд, хүний эрхийг хөнгөн хэлбэрээр зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тогтоосон Захиргааны хариуцлагын тухай хууль, иргэний эрх зүйн гэрээ, хэлцэл, эд хөрөнгийн болон амин хувийн бусад эрх, гэр бүл, хөдөлмөрийн зэрэг харилцаанд зөрчил гарсан, түүнчлэн эдгээр эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчсөн тохиолдолд хохирлыг арилгуулах үүднээс Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль, Гэр бүлийн хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиуд. Эдгээр хуулийн зохицуулалт, түүгээр хүний зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээн эдлүүлдэг талаар өөр өөр сэдвээр судлах тул энэ талаар дэлгэрүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх байгууллагууд нь: Шүүх, хуулийн бусад байгууллага, төрийн байгууллагууд тус тусын эрх хэмжээний хүрээнд, түүнчлэн төрөөс хараат бус хөндлөнгийн байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисс тус улсад ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комисс Хүний эрхийн үндэсний комисс нь Үндсэн хууль, хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийн талаархи заалтын хэргжилтэд хяналт тавих , хүний эрхийг хамгаалах, дэмжих байгууллага юм. Уг байгууллага төрөөс тогтоон гаргаж байгаа хууль тогтоомжид хүний эрхийг хэрхэн баталгаажуулж байгаа, нийгэмд хүний эрх ямар байдлаар хангагдаж байгаа, эрх зөрчилтийн байдал ямар түвшинд байгаа зэрэгт судалгаа дүгнэлт хийх, түүний үндсэн дээр холбогдох эрх бүхий байгууллагад санал оруулах, тодорхой зөрчлийг шалган шийдвэрлэх эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Энэ байгууллага зөвхөн нийслэлд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа ба орон нутагт салбар байгууллага байхгүй тул иргэд, байгууллага захидал харилцаа, интернет өргөн ашиглах нь зүйтэй. Хүний эрхийн үндэсний комиссын шуудангийн хаяг : Засгийн газрын 11-р байр. 5 давхар. Эрх чөлөөний талбай. Улаанбаатар 38. e.mail хаяг : nhrcm@nhrc-mn.org Төрийн бус байгууллагууд. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудаас гадна төрийн бус олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь тус улсад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа ба дараахь чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна: хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийг сургах, гэгээрүүлэх, эрх зүйн болон бусад боловсрол олгох, хүний эрхийн зөрчлийн байдлыг судлах, дүн шинжилгээ хийх, хүний эрхийг хамгаалах, баталгааг хангах төрөл бүрийн бодит үйл ажиллагаа явуулах, эрх нь зөрчигдсөн хүмүүст эд материалын, оюуны, хууль зүйн, бусад туслалцаа үзүүлэх, хүний эрхийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулж, төрийн байгууллагад оруулах. Практик алхам Хүний эрхийн чиглэлээр ажилладаг зарим төрийн бус байгууллагуудын хаяг: Монголын хүний эрхийн төв. Утас:318041, УБ,Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49, Монголын технологийн үндэсний парк, 408 тоот. Улс төрийн боловсролын академи. Утас: 350550, УБ,Сүхбаатар дүүрэг, Эрхүүгийн гудамж - 5, Ардчилсан холбооны байр. “Эрх зүйн боловсрол” академи. Утас:310560, УБ, Чингэлтэй дүүрэг, УДШ-ийн байр. Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо. УБ,Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Утас: 322212, 99115479, e.mail: mwla@magicnet.mn, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв. УБ,Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 40-р байр, Утас: 318086, 318087. Зохистой хөгжлийн жэндэр төв. УБ,Сүхбаатар дүүрэг, Энх иайвны өргөн чөлөө 5.а байр, Утас: 325627, 99115479, e.mail: wirc@magicnet.mn,